Temka Trane's profile

Кацүюки ахынх

Кацүюки ахынх
“Өөрөө өөрчлөгдвөл орчин чинь дагаад хувьсана.”
Кацүюки ах
Энэ үгийг надад хэлж өгсөн Кацүюки ах бол миний амьдралдаа уулзаж байсан хүмүүс дундаас хамгийн сонирхолтой нь гээд хэлчихвэл буруудахгүй л болвуу. Кацүюки ах өөрийгөө таних танихгүй хүмүүстэй гар зөрүүлдэг, гудамжаар мотоциклынхоо дууг хангинуулаад давхидаг, хар тамхи болоод согтууруулах ундааг жишим ч үгүй өдөр тутам хэрэглэдэг “үл бүтэх нөхөр” байсан л гэх юм. Цагдаагийн газарт саатуулагдсан удаа нь бараг зуу давсан, мөн түүний нэрийг хэлбэл хотдоо андах хүн байдаггүй юм гэнэ.
Аан бас болоогүй, залуудаа Стант хийдэг байсан ба Жаки Чан Хонг Конгод хүртэл урьж байж. Ёоёо-ийн Японы аварга, мэргэжлийн хакер гэж хүртэл сонслоо. Элдэв компаниудын серверт нэвтэрч мэдээллүүдийг нь дураараа ухаж төнхөн муу аргаар мөнгө, бүтээгдэхүүнүүд гартаа оруулж байсан гэнэ. 9-н хэлээр ярьж Хойд Солонгосын пуужинг хүртэл зогсоосон удаатай гэлээ. Төгөлдөр хуур, гитар, трампет, хоккей, тэшүүр гээд л чадахгүй юм байхгүй. Нэг хүнд байна гэхэд итгэмээргүй олон чадвар, туршлага, түүхийг агуулсан энэ хүний ярьсан бүхний зарим нь хэтрүүлэг байсан эсэхийг Кацүюки ах өөрөө эсвэл бурхан л хэлж мэдэх бизээ.
Гадагшаа дэлгүүр гарахад хүйтэн байгаа гээд өөрийн цамцаа над руу сунгана, хамгийн дуртай хоолоо гээд хичээнгүйлэн хийж өгнө, гадаа гарч тэшүүрээр хамт гулгая гэнэ, төгөлдөр хууранд дуртай гэж сонссон гээд ном хүртэл бэлэглэх юм. Өөрийн байгаа бүхий л зүйлээр намайг дайлж цайлах юм. Туйлын энгийн бөгөөд дэндүү гэмээр сайхан сэтгэл. Яг өөрийнхөөрөө байж, худал чамин үгсээр яриагаа хачирлаж тал засдаг хэсэг бусаг хүмүүсээс хол зөрөх ийм хүнтэй Хомстэй анх хийхдээ уулзана гэдэг үнэхээр хувь тохиол байсан гэлтэй.
Комүро Тэцүяа – Нүгэл ба дуу хөгжим (Дурсгасан ном)
Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглээд эмнэлэгт хэвтэхдээ анх эхнэртэйгээ эмнэлгийн өрөөнд танилцжээ. Тэр цагаас хойш ойр дотны хүмүүсийнх нь нүд нь орой дээрээ гарам өөр хүн болсон юм гэнэ. Нээрээ ч яриа болгондоо өөрийн эхнэрийнхээ тухай ярьж, түүн рүүгээ нүд салгалгүй харна. Үнэхээр л хайр гэдэг зүйл хэн хүнийг өөрчлөх увдистай байдаг болвуу. Байзаарай, ингэхэд хайр гэдэг нь яг юусан билээ?
Кацүюки ах болон гэргий Тако
Кацүюки ахынх, Япон, Нийгата аймаг, Сайгата, 2017​​​​​​​​​​​​​​
Кацүюки ахынх
Published:

Кацүюки ахынх

Japan, Niigata, Saigata, 2017

Published:

Creative Fields